1/24/2015

Миний мэргэжил

PS: Энэхүү эсээг бичихэд хянаж, засварласан Анар ахад баярлалаа
Мэргэжлийн тамирчид гэж тухайн спортоор мэргэжлийн дээд түвшинд хичээллэдэг, тухайн спортод мэргэшсэн хүнийг хэлнэ. 21-р зууныг мэдээллийг эрин зуун гэж нэрлэх болсноор мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг даган цахим спорт гэх шинэ спортын төрөл бий болсон юм. Цахим спорт гэдэг нь бидний мэдэх компьютер тоглоом хэмээх зүйлийг спорт хэмээн хүлээн зөвшөөрч шинээр томъёолсон ойлголт билээ. Компьютер тоглоом бүрийг цахим спортын хэмжээнд авч үзэхгүй ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, тэнцвэртэй өрсөлдөөн үзүүлж болохуйц мөн үзэгч олныг татах үзүүштэй байж чаддаг цөөн тооны тоглоомыг цахим спортын хүрээнд авч үздэг.

Манай улсад компьютер тоглоомын тухай зугаа цэнгэлийн төдий, хүүхдүүдийн хувьд тоглоомонд донтох өвчний шалтгаан болоод ариун цэврийн шаардлага хангаагүй тоглоомын төвүүд гэх мэт маш олон таагүй зүйлтэй холбосон ойлголт олон нийтэд байдаг. Ийм асуудлууд манай улсад байгаа нь үнэн хэдий ч дэлхийн нийт үүнийг аль хэдийнээ өөрөөр хүлээж авч асуудлыг нь шийдвэрлэсэн байдаг. Тэр бүү хэл Өмнөд Солонгост үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчнаас илүү цахим спортын тамирчны нэр хүнд нь залуусын дунд өндөр, дэлхийн нийтэд илүү танигдсан байдаг. Мөн 2014 оны 7 сард болсон цахим спортын түүхэнд Дота2 хэмээх тоглоомын төрлөөр зохиогдсон дэлхийн аврага шалгаруулах тэмцээний шагналын сан 10 сая америк долларт хүрснээр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шагналын сантай бараг дүйсэн (11 сая) явдал юм. Мөн тухайн тэмцээнийг Америкийн хамгийн том спортын телевизийн суваг болох “И Эс Пи Эн” (ESPN) шууд дамжуулсан. Энэ нь дэлхийн томоохон улсууд үүнийг аль хэдийнээ спортын шинэ үеийн төрөл хэмээн хүлээн зөвшөөрч олон нийтэд түгээж эхэлсний тод жишээ юм. Цахим спорт нь урьд хожид байгаагүй хамгийн богино хугацаанд хамгийн хурдацтай хөгжиж байгаа спортын төрөл гэсэн судалгааны үр дүн бий.


Үүнийгээ дагаад мэргэжлийн тоглогчид бий болж уг спортоор хичээллэж амьдралаа авч явж болох хэмжээнд хүрснээрээ шинэ төрлийн ажил мэргэжил болсон гэж хэлж болох юм. Цахим спортод амжилт үзүүлэхийн тулд бусад спорттой адил ур чадвараа нэмэгдүүлэхийн төлөө шаргуу бэлтгэл хийх, оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлах, өрсөлдөөнийг даван туулах ёстой болдгоороо бусад спортоос ялгаагүй. Мөн биеийн физик хөдөлгөөнөөс хамаарсан биш цэвэр сэтгэлгээ болоод оюуны тооцоололд тулгуурласан байдаг. Цахим спортыг энгийнээр шатар болон хөл бөмбөгийн хослол гэж тайлбарлаж болно. Франц, Герман, Өмнөд Солонгос, Америк, Хятад, Украйн зэрэг орнууд цахим спортод зориулан тусгайлан зардал гаргаж мэргэжлийн багууд ч байгуулсан байдаг. Тэдгээр багууд болон тоглогчдын байрлах байр, хоол унд, амралт, бэлтгэл хийх орчин зэрэгт маш ихээр анхааран санхүүжүүлдэг. Мөн тоглогчид үүнийхээ төлөө өндөр цалин авна. Дэлхийн томоохон электрон бараа, компьютерийн салбарын техник технологийн үйлдвэрүүд ч баг тамирчдыг ивээн тэтгэж түүгээрээ дамжуулан бараа бүтээгдэхүүн, брендээ сурталчилах нь түгээмэл болсон. Хэдийгээр энэ хэт арилжааны чанартай мэт боловч бусад бүхий л спортод ийм чиглэлийн үйл ажиллагаа байсаар ирсэн билээ. Цахим спортын тоглогчид, сонирхогчид хэзээ ч донтох буюу тоглоомонд хэт автахгүй. Тэд тухайн компьютер тоглоомыг спортын түвшинд авч үзэж, тэс өөр өнцөгөөс харж, сонирхдог учраас мэдрэлийн ядаргаанд ортлоо, утга учрыг нь ойлгохгүй тоглодог нийгэмд сөрөг ойлголт түгээгч донтогчдоос өөр юм.

Гэвч манай улсад компьютер тоглоом нь цахим спортын түвшинд хөгжөөгүй байгаа. Монголын нийгэмд ялангуяа оюутан сурагчдын сурлага, хүмүүжил, чөлөөт цагаа өнгөрөөж байгаа байдалд компьютер тоглоом ихээр сөрөг нөлөө үзүүлж байгаа нь үнэн. Гэвч ямар ч юмыг хэмжээнд нь тааруулалгүй хэт автах нь сөрөг зүйлд хүргэдэг. Ганц компьютер тоглоомдоо байгаа юм биш. Гэхдээ зарим нэгэн хүмүүс миний харж байгаа шиг “цахим спорт” гэх өнцгөөс харж, зөв зүйтэй талаас нь нийгэмд сурталчилж байгаа үйл ажиллагааг буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн шүүмжилдэг нь таагүй санагддаг.

Цахим спорт боловсролд ч гэсэн зөв нөлөө үзүүлж болдог гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн юм. Үүнд шимтэн сонирхож эхэлснээс хойш миний хэлний мэдлэг огцом нэмэгдэхэд чухал хөшүүрэг болсон зүйл нь яалт ч үгүй цахим спорт билээ. Мөн гарцаагүй даяарчлалын нэн тэргүүний давуу тал болох хэн хаанаас ч хамаагүй дэлхийн өнцөг булан бүрээс холбогдон зэрэгцэн суугаа мэт хоорондоо чөлөөтэй тоглох явдал. Би интернет орчинд янз бүрийн улс орноос хамт тоглохоор холбогдсон хүмүүстэйгээ харилцаж ойлголцохын тулд зайлшгүй англи хэлийг сурах хэрэгтэй болсон юм. Анхандаа тэдний ярианаас ганц хоёрхон үг төдий л ойлгодог байсан бол сүүлдээ тэдэнтэй чөлөөтэй харьцаж чаддаг болсон билээ.

2011 онд Өмнөд Солонгост болсон нэгэн тэмцээнд дэлхийн олон орны тамирчид оролцсон бөгөөд, түүнийг шимтэн үзэхээр олон хүн цугларсан байсан юм. Тэмцээний хаалтын ажилгааны үеэр нэгэн орчуулагч залуу үг хэлэхийг хүссэн бөгөөд тэрээр хэлэхдээ “Миний олон найз нөхөд, гэр бүлийн гишүүд маань надад ‘Энэ чинь ердөө л тоглоом, үүнээс гар Жон’ гэж хэлдэг байсан. Гэхдээ бид өнөөдөр энд байгаа маань, энэ гайхалтай сэтгэл догдлуулам мөчийг хуваалцаж байгаа нь ямар ч мөнгөөр худалдаж авч болшгүй үгээр илэрхийлгүй сайхан сэтгэгдэл мэдрэмжийг өгч байна” хэмээн баярлан хэлж билээ. Бидний ихэнх нь ажиллаж, сурч, амьдрахынхаа хажуугаар ямар нэг спортоор хичээллэж, түүнийг сонирхож мөн хайрладаг. Харин миний хувьд цахим спортын тамирчин (тоглогч) гэдэг маань миний бас нэгэн мэргэжил билээ.
2 comments :

2 comments :